"Би бүжиглэж чадна 3" реалити шоу
NTV телевиз “Би бүжиглэж чадна" шоу нэвтрүүлгийнхээ гурав дахь төслийг хэрэгжүүлэх гэж байна.
Хамтран ажиллах гэрээнд гурван улсын дээр нэрлэсэн телевизийн удирдлагууд ирэх гуравдугаар сард Улаанбаатар хотноо гарын үсэг зурна. Харин ирэх тавдугаар сарын 10 гэхэд “Би бүжиглэж чадна 3” шоуг Хөх хотод эхлүүлэхээр урьдчилсан төлөвлөгөө ч гараад байна.
Зохион байгуулагч гурван улсаас тус бүр шилдэг 10 бүжигчнээс бүрдсэн нийт 30 оролцогч “Би бүжиглэж чадна 3” шоу тэмцээнд орно. Шалгаруулалт Өвөр Монголын Хөх хотод болж зөвхөн нэг бүжигчин шилдгээр шалгарах юм. Мөн оролцогч улсуудаас тус бүр нэг шилдэг бүжигчин шалгаруулна. Орон тус бүрээс хүлээн зөвшөөрөгдсөн бүжгийн мастер, мөн Хөх хотод суугаа олон улсын соёлын атташё нараас бүрдсэн нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн багийг ажиллуулахаар мөн төлөвлөөд байгаа юм.
ОУ-ын телевизийн түүхэнд анх удаа хэрэгжүүлж байгаа хамтарсан төсөл гэдгээрээ “Би бүжиглэж чадна 3” шоу онцлог. Энэ шоунд МУ-ыг төлөөлөн оролцох 14-25 насны 10 бүжигчинг 2-р сарын 27, 28-ны өдрүүдэд манай улсын нэр хүндтэй багш, бүжигчид шалгаруулах юм. Шалгаруулалт Чөлөөт, Сонгодог гэсэн бүжгийн хоёр төрлөөр явагдана.
Харин Хөх хотод болох шоуны шалгаруулалт бүжгийн Чөлөөт, цэнгээнт, улс үндэстний, Сонгодог болон модерн гэсэн 5 төрлөөр 5 шаттай явагдах юм. Тиймээс дээр нэрлэсэн бүжгийн 5 төрлөөр гадаадын шилдэг бүжигчидтэй нүүр тулан чадварлаг бүжиглэж, улсынхаа нэрийг Буриад болон Өвөрмонголд сайнаар гаргаж чадах авьяаслаг оролцогчдыг сонгох юм. Оролцогчдыг сайтар бэлтгэх үүднээс шоу нэвтрүүлэг эхлэхээс бүтэн сарын өмнө шалгаруулж байгаа гэж нэвтрүүлгийг зохион байгуулагчид онцолж байна.
“NTV” телевиз нь бүжиглэх дуртай, бүжгийн аяъяастай, өөрийн авъяас сонирхолоо нээн хөгжүүлж, өөрийн чадварыг харуулах сонирхолтой хүүхэд залуучуудыг дэмжих зорилгоор “Би бүжиглэж чадна” реалити шоу нэвтрүүлгийг Монгол улсдаа жил дараалан 2 удаа амжилттай зохион байгуулж ирсэн. Энэхүү шоу нэвтрүүлэг нь хүүхэд залуучуудын авъяас уран чадварыг нээж олны танил болгосон бөгөөд цаашид энэ хүрээг тэлэн дэлгэрүүлэх үүднээс “Би бүжиглэж чадна 3” реалити шоуг олон улсыг хамруулан зохион байгуулах гэж байна.


Comments