Мэдээ, мэдээлэл
“Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийг дэмжих олон улсын сан”, "Сэтгүүл зүйн инновац, Хөгжлийн үүр төв НҮТББ"-ээс зохион байгуулж буй “IFPIM Монгол” хөтөлбөрт хамрагдсан редакцууд үр дүнгээ хуваалцлаа.
Тус хөтөлбөр нь гурван жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, нийтийн эрх ашгийн төлөө ажиллахад тулгарч буй саад бэрхшээлүүдийг даван туулахад шаардлагатай санхүүжилт олгох юм. Өнгөрсөн онд манай улс хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 88 дугаар байрт жагсаж байсан бол энэ онд 21 байраар ухарч 109-д бичигдсэн. Мөн дэлхий даяар мэдээлэл олж авах, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлэх эрх хумигдсаар байгаа нь тус хөтөлбөрийг эхлүүлэх гол шалтгаан болжээ.
“IFPIM Монгол 2023” хөтөлбөрт NTV телевиз, Зууны мэдээ сонин, iToim.mn, www.Ub.life, Gragh.mn, Lemonpress.mn гэсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд шалгарч, 2023 оны сүүлээс хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн байна. Хөтөлбөрт хамрагдсан дээрх хэвлэл мэдээллийн байгууллагууд гурван жилд хэрэгжүүлэх зорилго, зорилтоо тодорхойлж түүндээ хэрхэн хүрэх стратеги төлөвлөгөөгөө баталж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд нийтлэг зорилт нь нийтийн ашгийн төлөөх контентын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
NTV телевиз: Бүх талдаа тэнцвэртэй, мэргэжлийн байхыг хичээдэг
“Media Group” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Баярбат: Манай NTV телевиз энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар 3-5 жилийн хугацаанд стратегийн түвшинд алсын хараагаа тодорхойлох, байгууллагынхаа үйл ажиллагааг тогтвортой байлгах чиглэлд анхаардаг болсон. Хоёрдугаарт, бизнесийнхээ үйл ажиллагааг аль болох тоо руу хэрхэн хөрвүүлэх, тоогоор яаж илэрхийлэх вэ гэдгийг сурсан. Гуравдугаарт, өөрчлөлт, шинэчлэлтэд бэлэн байх хандлагыг сурсан байна. NTV телевизийн 20 жилийн ой 2026 онд болж байгаа. Бид хоёр жилийн дараа компанийнхаа цэвэр ашгийн түвшнийг өндөр хэмжээнд гаргах, хамгийн өндөр хандалттай телевиз болох зорилготой. Мөн сэтгүүл зүй талаасаа илүү мэргэжлийн байгууллага болно. NTV телевиз бүх талдаа тэнцвэртэй байдлыг барьж ажилладаг. Мэргэжлийн байх хандлагыг аль, аль түвшинд авч явахыг хичээдэг.